- Хөгжлийн банк (Банк развития) успешно разместил 500 млн долларов США облигаций без государственной гарантии.
- Облигации выпущены на 5 лет с годовой ставкой 6.9%, что является самой низкой ставкой для банка.
- Банк не выдавал новые кредиты последние 4 года из-за проблем с качеством активов.
- Текущий кредитный портфель банка составляет 2,2 трлн тугриков, внешний долг — 2,8 трлн тугриков.
- Средства от облигаций планируется направить на финансирование 7-8 крупных проектов, соответствующих государственной политике.
2018 оноос хойш анх удаа таван жилийн хугацаатай, жилийн 6.9 хувийн хүүтэй гарсан энэхүү бондын эрэлт маш өндөр байсан бөгөөд Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг харуулсан үйл явдал болсон юм.
Тус бондыг юунд зарцуулах болон банкны өнөөгийн нөхцөл байдлын талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнтэй ярилцлаа.
- Таныг ажил авах үед Хөгжлийн банкны нөхцөл байдал ямар байсан бэ?
- Хөгжлийн банк сайн хөгжиж, бодлогын банк хэлбэрээр ажиллаж чадвал манай улсад маш том орон зай бий. Гэвч сүүлийн үед Хөгжлийн банканд маш их асуудал гарч, чанаргүй зээл олон болсонтой холбоотой санхүүгийн үзүүлэлтүүд муудсан. Намайг томилогдож ирэх үед үндсэн гурван асуудал байсан. Чанаргүй зээлийн асуудал их байгаагаас болж хуримтлагдсан алдагдал нэмэгдсэн. Алдагдал их байгаагаас болж өөрийн хөрөнгөө идээд эрсдэл даах чадваргүй болсон.
Санхүүгийн үзүүлэлтүүд муу байгаагаас үүдэж гадаадаас татсан эх үүсвэрээ төлөхдөө дахин санхүүжүүлэх байдлаар явж байсан. Нөгөө талдаа чанаргүй зээлтэй хэт их зууралдсанаас болоод сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шинээр зээл олгоогүй. Шинэ зээл олголт хийгээгүй учраас хүүгийн орлогогүй болчихсон байсан.
- Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шинэ зээл олгоогүй гэлээ. Тэгвэл гадаад зээлийн эргэн төлөлтийн хэмжээ ямар байгаа вэ?
- Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаас хойш шууд болон шууд бус байдлаар 3,000 гаруй аж ахуйн нэгжүүдэд нийт 7.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Одоогийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Харин гадаад эх үүсвэрийн үлдэгдэл 2.8 их наяд төгрөг байна. Ойрын жилүүдэд хийх томоохон эргэн төлөлтийн хувьд, 2027 онд дотоодын зах зээлд гаргасан бондын 50 сая ам.долларын төлбөр, 2028 онд 150 сая орчим ам.долларын олон улсын бондын эргэн төлөлт хүлээгдэж байгаа.
- Энэ удаагийн бонд өмнөх бондуудаас ямар онцлог, ач холбогдолтой вэ?
- Энэ удаагийн бонд Хөгжлийн банкны олон улсын зах зээлд Засгийн газрын баталгаагүй, бие даан нээлттэй хэлбэрээр арилжаалсан бондуудаас хамгийн эрэлт өндөртэй, бага хүүтэй бонд гэдгээрээ онцлогтой. Тухайлбал, энэхүү бонд 2025 онд хаалттай хэлбэрээр арилжаалсан 3 жилийн хугацаатай, жилийн 8.5 хувийн хүүтэй бондоос хугацааны хувьд урт, хүүний хувьд бага гарч чадсан.
Түүнчлэн, 2018 оноос хойших Хөгжлийн банкны анхны Rule 144A/Reg S бүтэцтэй олон улсын бондын арилжаа бөгөөд АНУ-ын мэргэжлийн институционал хөрөнгө оруулагчдад Rule 144A, АНУ-аас гаднах хөрөнгө оруулагчдад Reg S зохицуулалтын хүрээнд зэрэг санал болгосноороо онцлог болсныг дуулгахад таатай байна.
Ингэснээр Хөгжлийн банк олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын зах зээлд амжилттай эргэн ирж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин баталгаажуулж чадсан. Шинэ бондын өгөөж Монгол Улсын Засгийн газрын бондтой харьцах зөрүү мэдэгдэхүйц буурсан нь Хөгжлийн банкны эрсдэлийн үнэлгээ сайжирсны илрэл юм. Түүнчлэн энэхүү бонд нь олон улсын бондын гол индексүүдэд багтах шалгуурыг хангаж байгаа нь Монгол Улсын үнэт цаасанд олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Үүнтэй зэрэгцэн 2028 онд хугацаа дуусах, 8.50 хувийн хүүтэй бонд дээр нийт 347.2 сая ам.долларын Тендер санал амжилттай хэрэгжүүлж, шинэ эх үүсвэрээр дахин санхүүжүүлэхээр боллоо. Ингэснээр банкны мөнгөн урсгалд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр өрийн бүтцийг илүү урт хугацаатай, бага өртөгтэй санхүүжилтээр сэлбэж, 2028 оны бондын үлдэх хугацаанд ойролцоогоор 14.2 сая ам.долларын эдийн засгийн хэмнэлт бий болголоо.
Энэхүү жишиг (benchmark) хэлцэл нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудын олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах үйл ажиллагааг шинэ түвшинд авчирч, бидний олон улсын хөрөнгийн зах зээл дэх байр суурийг улам бэхжүүлсэн стратегийн ач холбогдолтой хэлцэл болсон.
Бондын үндсэн нөхцөл:
|
Үнэт цаас гаргагч |
Монгол Улсын Хөгжлийн банк (DBMMN) |
|
Хэмжээ |
500 сая ам.доллар |
|
Хугацаа |
5 жил (2031 он хүртэл) |
|
Хүү |
Жилийн 6.90% |
|
Хэлбэр |
Rule 144A / Reg S, Senior Unsecured |
|
Зээлжих зэрэглэл |
B1 (Moody's) / BB- (S&P) |
|
Бүртгэл |
Сингапурын хөрөнгийн бирж |
|
Андеррайтер банк |
HSBC, ING, J.P. Morgan |
|
Санхүүгийн зөвлөх |
Frontier Strategies Pte. Ltd; TDB Securities SC |
Хөгжлийн банкны олон улсын зах зээлд ам.доллароор гаргасан бондын түүх:
|
Бонд гаргасан он Бонд дуусах он |
2012 2017 |
2018 2023 |
2024 2026 |
2025 2028 |
2026 2031 |
|
Бондын хэмжээ |
USD 580.0 сая |
USD 500.0 сая |
USD 200.0 сая |
USD 240-500 сая |
USD 500.0 сая |
|
Бондын хугацаа |
5 жил |
5 жил |
2 жил |
3 жил |
5 жил |
|
Бондын хүү |
5.750% |
7.250% |
11.000% |
8.500% |
6.900% |
|
Бондын төрөл Баталгаа |
Reg S МУЗГ баталгаатай |
144A/RegS |
RegS |
RegS |
144A/RegS |
- Олон улсын хөрөнгө оруулагчид Хөгжлийн банкийг хэр хэмжээнд сонирхож байна вэ?
- Хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтуудын үеэр банкны шинэ стратеги, засаглалын шинэчлэл, эрсдэлийн удирдлага, активын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд болон хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх урт хугацааны бодлогоо танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын зүгээс эергээр үнэлж хэлцэл амжилттай болоход чухал нөлөө үзүүлсэн.
Хэлцлийн үеэр хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байж, нийт захиалга 2.63 тэрбум ам.долларт хүрч, санал болгосон хэмжээнээс 5.3 дахин давсан.
Энэхүү өндөр эрэлт Хөгжлийн банкны шинэчлэл, Монгол Улсын макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон урт хугацааны хөгжлийн төлөвийг олон улсын хөрөнгө оруулагчид эергээр үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм. Энэхүү өндөр эрэлтийн үр дүнд Хөгжлийн банк ижил нөхцөлөөр бондын дүнгээ нэмэгдүүлэх боломж бүрдсэн бөгөөд энэ чиглэлээр холбогдох ажлууд үргэлжилж байна.
"Засгийн газрын бодлоготой уялдсан 7-8 томоохон төслийг судалж байна"
- Хөгжлийн банкны хамгийн гол ажил бол томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх. Тэгвэл энэ ажлаа хийх чадах хэмжээнд хүрсэн үү. Мега төслүүдээс эхний ээлжид ямар төслийг санхүүжүүлэх боломжтой вэ?
- Энэ удаагийн бондын арилжаа амжилттай хэрэгжсэнээр Хөгжлийн банк үндсэн бодлогын чиг үүргээ илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх санхүүгийн боломж бүрдээд байна. Бондын эх үүсвэрийн 70 орчим хувийг өнгөрсөн жил татан төвлөрүүлсэн 8.5 хувийн хүүтэй бондыг дахин санхүүжүүлэхэд ашиглаж, үлдэх эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх төслүүдэд үе шаттайгаар чиглүүлэхээр төлөвлөж байна.
Одоогийн байдлаар Засгийн газрын бодлоготой уялдсан 7-8 томоохон төслийг судалж байна. Үүнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний дэд бүтцийн өргөтгөл, батарей хуримтлууртай нарны болон усан цахилгаан станцууд, Богдхан төмөр зам, шатахууны стратегийн нөөцийн агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг төслүүд багтаж байна. Эдгээр төслийн заримыг олон улсын хөгжлийн байгууллага болон дотоодын арилжааны банкнуудтай хамтран санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн өнгөрсөн сард бид “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй стратегийн түншлэл байгуулсан. Энэ хүрээнд тус нэгдлийн хэрэгжүүлэх зарим томоохон төслийг олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран санхүүжүүлэх талаар хэлэлцэж байна.
Нөгөө талаас банкны санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь чухал бөгөөд өдөр бүр гадагшаа хүү төлөөд орлогогүй байж болохгүй.
- Хөгжлийн банк арилжааны банктай өрсөлдөхгүй, төсвийн шинжтэй зарцуулалт хийхгүй гэж үздэг. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ зарчмаас нэлээд хазайсан. Цаашид дээрх зарчим хэрэгжих бодлогын орон зай байна уу.
Бодлогын орон зай бүрэн бий. Харин Хөгжлийн банкны үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгож, бодлогын банкны үндсэн чиг үүрэгт нь төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Ер нь дэлхийн хөгжлийн банкуудын үндсэн зарчим бол хувийн хэвшилтэй өрсөлдөх биш, харин зах зээлийн хүрч чадахгүй байгаа санхүүжилтийн орон зайг нөхөх явдал байдаг. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд дангаараа санхүүжүүлэх боломжгүй урт хугацааны, өндөр үр нөлөөтэй төслүүдэд эхний санхүүжилтийг бий болгож, улмаар хувийн болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болж ажилладаг. Бид ч энэ зарчмыг баримтлах ёстой.
Тиймээс бид урт хугацааны, стратегийн ач холбогдолтой төслүүдэд төвлөрч, улсын хөгжлийн бодлоготой уялдсан санхүүжилтийг хэрэгжүүлнэ. Харин төсвийн шинжтэй зарцуулалт болон арилжааны банкууд өөрсдөө санхүүжүүлэх боломжтой төслүүдэд оролцохгүй байх бодлогыг тууштай баримтална.
- Одоогоос гурван жилийн өмнө УИХ дээр долоо хоног сонсгол зохион байгуулж, "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 80 гаруй холбогдогчтой шүүх хурал болж, одоо ч дуусаагүй явж байна. 2011 оноос хойш олон улсын зах зээл дээрээс босгосон эх үүсвэрийг улс төрд хамаарал бүхий компаниуд зээл хэлбэрээр авсан зэрэг олон алдаа дутагдал гарч байсан. Энэ алдаагаа дахин давтахгүйн тулд одоо юу хийх ёстой вэ?
- Хууль эрх зүйн орчны шинэчлэл, сайн засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх шаардлагатай. Өмнөх туршлагаас харахад томоохон төслүүдийг дангаар нь санхүүжүүлэхээс илүү олон улсын хөгжлийн байгууллагууд, экспортын зээлийн агентлагууд, дотоодын арилжааны банкнуудтай хамтарсан санхүүжилтийн хэлбэрийг түлхүү ашиглах нь эрсдэлийг зөв хуваарилах, төслийн хяналт, шалгуурыг сайжруулах давуу талтай.
Мөн засаглалын чанарыг шинэ түвшинд гаргахын тулд олон улсын туршлага, хараат бус гаднын менежментийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.
Хөгжлийн банкийг анх БНСУ-ын менежментийн багаар удирдуулж байсан нь үүний нэг сайн жишээ.
Цаашид өмчлөлийн бүтцэд олон улсын хөгжлийн байгууллагын тодорхой оролцоог нээж өгөх нь засаглал, ил тод байдал, хараат бус шийдвэр гаргалтыг улам бэхжүүлэх боломжтой.
- Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд олон нийтийн анхаарлын төвд байсан. Ялангуяа “Эрэл” зэрэг томоохон зээлүүдийн эргэн төлөлтийн явцад бодит ахиц гарч байна уу?
- Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд бодит ахиц гарсан. Хамгийн гол өөрчлөлт нь өмнөх шиг жишээ бүрийг тус тусад нь шийдвэрлэх биш, харин Засгийн газрын түвшинд хууль, институц, бодлогын нэгдсэн тогтолцоонд тулгуурласан шийдвэрлэх механизм бүрдүүлж байгаа явдал юм.
Зээл бүрийн онцлогоос шалтгаалан хөрөнгөөр төлбөр барагдуулах, компанийн хувьцаа шилжүүлэх, хөрөнгө оруулагч татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төслийг үргэлжлүүлэх зэрэг хамгийн оновчтой шийдлүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд томоохон чанаргүй зээлүүдийн шийдвэрлэлтийн явцад бодит ахиц гарч байгаа.
Нөгөө талаас өнгөрсөн жилүүдэд чанаргүй активууддаа хангалттай хэмжээний эрсдэлийн сан байгуулсан. Тиймээс эдгээр активыг үе шаттайгаар шийдвэрлэх нь зөвхөн өр барагдуулах бус, банкны активын чанар, санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, хөгжлийн төслүүдэд чиглүүлэх шинэ эх үүсвэрийг бий болгоход чухал ач холбогдолтой.
- Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өнгөрсөн онд яригдаж байсан. Энэ хуулийн төсөл одоо ямар шатандаа яваа вэ?
- Шинэчилсэн найруулгын төсөл өнгөрсөн жил Засгийн газрын хуралдаанд хэлэлцэгдсэн ч УИХ-д өргөн барьж амжаагүй. Миний хувьд Гүйцэтгэх захирлаар томилогдоод тус хуулийн төсөлтэй танилцаж дахин сайжруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Дэлхийн банкнаас техникийн туслалцаа авч, шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж эцэслэх шатанд явж байна.
Дэлхийн банкны зөвлөмжийн хүрээнд Хөгжлийн банкийг дахин хөрөнгөжүүлэх, эрсдэл даах чадварыг бэхжүүлэхэд Засгийн газар, Төлөөлөн удирдах зөвлөл болон менежментийн багийн үүрэг хариуцлагыг тодорхой ялган тусгасан.
Мөн хууль, журамд нийцүүлэн, зохих журмын дагуу гаргасан бизнесийн шийдвэрийг эрх зүйн хувьд тодорхой хамгаалах зохицуулалтыг тусгаснаар менежментийг мэргэжлийн, хараат бус шийдвэр гаргах эрхзүйн орчноор хангахыг зорьсон. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтээс санал авах ажлыг удахгүй эхлүүлж, энэ намрын чуулганаар шинэчилсэн төслийг хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Хөгжлийн банкны засаглалтай холбоотой шүүмжлэлүүдийн нэг нь улс төрийн нөлөө бүхий томилгоо байдаг. Та удирдлагын бүтэц, менежментийн багаа ямар зарчмаар бүрдүүлж байна вэ?
Хөгжлийн банкны шинэчлэл зөвхөн хөрөнгө, санхүүжилтийн асуудал биш, байгууллагын засаглал, удирдлагын тогтолцооны шинэчлэл мөн байсан. Бид удирдлагын бүтцээ шинэчилж, чиг үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгож менежментийн багийг бүрдүүлэхдээ зөвхөн мэргэжлийн шалгуурыг баримталсан. Өнөөдрийн удирдлагын багийн ихэнх нь Монголбанк болон банк, санхүүгийн байгууллагад олон жил удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай банкирууд бөгөөд эрсдэлийн удирдлага, зээл, актив пассивын удирдлага зэрэг банкны үндсэн чиглэлүүдэд мэргэжлийн баг томилогдон ажиллаж байна.
- Та ажлаа аваад хагас жил болж байна. Энэ хугацаанд бонд гаргаж, эх үүсвэрээ нэмэхэд анхаарч ажилласан гэж ойлголоо. Цаашдын зорилт, ойрын хугацаанд хэрэгжүүлэх гол ажлууд юу байх вэ?
Өнгөрсөн 6 сарын хугацаанд бид юуны өмнө Хөгжлийн банкны дараагийн арван жилийн хөгжлийн суурь болох институцийн шинэчлэлд төвлөрсөн. Энэ хүрээнд гүйцэтгэх удирдлагын багийг салбартаа мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлж, бүтэц чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог бууруулж, бүтээмжид суурилсан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлж хэрэгжилтийн шатанд явж байна.
Мөн эрсдэлийн удирдлага, санхүүгийн удирдлага, чанаргүй активын шийдвэрлэлтийн чиг үүргийг бэхжүүлж, олон улсын хөгжлийн байгууллагууд болон арилжааны банкнуудтай хамтарсан санхүүжилтийн шинэ загварын суурийг тавьсан. Нэг үгээр хэлбэл, Хөгжлийн банкны нэр хүндийг сэргээж, үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргах суурь нөхцөлийг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Эдгээр ажлын үр дүнд Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай эргэн ирж, хэрэгжүүлж буй шинэчлэлүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдаар бодитоор үнэлүүлэх боломж бүрдсэн гэж үзэж байна.
Цаашид Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны хүрээнд холбогдох бодлого, журмуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж Хөгжлийн банкны засаглал, үйл ажиллагааг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын жишигт нийцүүлэх шилжилтийг бодлого баримтлан ажиллана. Ингэхдээ, бидний хамгийн гол зорилт бол эхлүүлсэн шинэчлэлүүдээ бүрэн хэрэгжүүлж, тогтвортой ажиллах институцийн тогтолцоог бүрдүүлэх юм. Хөгжлийн банкийг зөвхөн санхүүжилт олгодог байгууллага бус, Монгол Улсын хөгжлийн бодлогыг дэлхийн урт хугацааны хөрөнгө оруулалттай холбодог үндэсний хөгжлийн санхүүгийн институц болгоход чиглэж байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх